Дэлхийг сүлжих Sendly -ийн төлөвлөгөө

“Монголын финтек групп” -ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат

Олон улсын мөнгөн гуйвуулгын бие даасан сүлжээг үүсгэж чадсанаараа Монголд анхдагч болсон Sendly аппликэйшн алсын хараагаа дэлхийн зах зээл рүү сунгаж байна. 

– Business.MN сэтгүүлийн 2022 оны технологийн тусгай дугаар (№01) -т хэвлэгдсэн нийтлэл –

“Дараагийн шатанд бид дэлхийн хэмжээнд мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлнэ. Манай улс далайд гарцгүй учраас биет бараа бүтээгдэхүүн экспортолно гэдэг төвөгтэй. Харин санхүүгийн үйлчилгээгээр дэлхийд гарах боломж илүү өндөр” хэмээн “Монголын финтек групп” -ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат хэлж байна. Түүний энэ үгийг Ковид-19 цар тахлын үеэр дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал хангалттай баталсан. Тиймээс ч дэлхий нийтээрээ бизнесээ автоматжуулж, дижитал шилжилт хийхэд түлхүү анхаарсан он жилүүд өнгөрч байна. Харин үйл ажиллагаа нь улам эрчимжсэн гэдэг утгаараа технологийн компаниуд арай өөр төлөвлөгөө боловсруулж сууна. 

Нэрнээсээ л үйл ажиллагааны чиглэл нь тодрох “Монголын финтек групп” -ийн хувьд санхүү, технологийг хослуулсан буюу финтек чиглэлээр ажилладаг 12 охин компанийн нэгдэл бөгөөд  тэдгээрийн нэг нь дэлхийн зах зээлд гаргахаар сойж буй олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly аппликэйшн юм. Өдгөө Америк, Австрали, Япон дахь монголчуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж, 15 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсон энэхүү аппаар дамжуулан өнгөрсөн хугацаанд 8.7 сая ам.доллар буюу 24.8 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют Монгол Улсын эдийн засагт оржээ. Харин ойрын хугацаанд Sendly Европын холбооны орнууд, Өмнөд Солонгосын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлж, гадаадад суугаа нийт монголчуудын 50 -иас дээш хувьд хүрч ажиллахаар зорьж байна. 

Зах зээлд үйл ажиллагаа явуулж буй тоглогчдын дундаас хамгийн бага шимтгэлтэй, хурдан шуурхай, найдвартай гэдгээрээ Sendly апп ялгардаг. 

Үүнтэй холбоотойгоор, Sendly -ийн Англи улс дахь охин компани MonRemit Limited өнгөрсөн онд тус улсын Санхүүгийн зохицуулах хороо (FCA буюу Financial Conduct Authority) -оос Англи болон Европын холбооны орнуудад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч чадсан байна. Энэ нь одоо ид хөөцөлдөж буй Өмнөд Солонгосын Санхүүгийн зохицуулах хороо (FSS буюу Financial Supervisory Service) -оос тусгай зөвшөөрлөө авах ажилд нь томоохон давуу тал болно гэж үзэж буй. Мөн тэд 2021 онд Хятадын WechatPay үйлчилгээний Монгол Улс дахь албан ёсны түнш болж, энэ онд дотоодын зах зээлд нэвтрүүлж, мөнгөн гуйвуулга хийж эхлэхээр төлөвлөжээ.  

Зах зээлд үйл ажиллагаа явуулж буй тоглогчдын дундаас хамгийн бага шимтгэлтэй, хурдан шуурхай, найдвартай гэдгээрээ Sendly апп ялгардаг. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Sendly -ээр дамжуулан 19 мянган ширхэг гүйлгээ хийгдсэн нь дотоодын арилжааны банкуудын хүлээн авсан нийт 42 мянган ширхэг SWIFT гүйлгээний тоотой харьцуулахад 46 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт буюу ийм хэмжээний гүйлгээг дангаараа гүйцэтгэжээ. Эдгээр гүйлгээний дундаж дүн 270 ам.доллар, харин шимтгэл нь дунджаар дөрвөн ам.доллар байгаа нь банкууд болон олон улсын бусад мөнгөн гуйвуулгын байгууллагынхаас хавьгүй бага хэмжээ юм. 

Энэ оны гуравдугаар улиралд Sendly IPO хийхээ зарлаж, бэлтгэл ажилдаа орсон нь үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, цаашлаад гадаад зах зээлд тэлэх, технологийн чадавхиа нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилготой.

Дэлхий дахинд мөнгөн гуйвуулгын албан ёсны үйлчилгээг олон жилийн турш банкууд болон MoneyGram, Western Union зэрэг улс хоорондын шуурхай гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч томоохон компани хариуцаж ирсэн. Харин сүүлийн 10 жилд Worldremit, Ria, Wise, Xoom зэрэг финтек компани давамгайлах болсноор зах зээлийн дүр зургийг өөрчилж эхэлсэн юм. Эдгээр хүчирхэг тоглогчийн адил жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлд Sendly үйл ажиллагаа явуулж буй. Тухайлбал, 2020 оны тавдугаар сард буюу Монгол Улс FATF (Financial Action Task Force буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага) -ийн “саарал жагсаалт”-д ороод байх үед Sendly апп Америкийн 31 мужид албан ёсоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компаниудтай хамтарч эхэлснээр тус улсаас Монгол руу мөнгөн гуйвуулга  хийхэд тухайн үед шаардагддаг байсан 14 хоногийг 30 минут болгон товчилж чадсан бол өнөөдөр энэ хугацаа 10 минутад хүрээд байна.   

Sendly аппын ард монгол залуучуудын хөгжүүлсэн олон улсад эн зэрэгцэн өрсөлдөхүйц түвшний мөнгөн гуйвуулгын бие даасан систем ажиллаж, дундын зуучлагчдын оролцоо, шат дамжлагыг халснаар шимтгэлийг хамгийн бага хэмжээнд барьж, богино хугацаанд гүйлгээ хийх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, олон улсад өөрийн гэсэн бие даасан сүлжээг бий болгож чадсанаараа өнгөрсөн 30 жилийн турш гадаадын аль нэг мөнгөн гуйвуулгын компанийн төлөөлөгч болж, энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлж ирсэн Монголын санхүүгийн салбарын бусад байгууллагаас эрс ялгарч, анхдагч болсон юм. 

Sendly -ийн хамт олон банк, санхүүгийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин, өөрийн гэсэн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг бий болгож чадсан нь хурдтай хувьсан ажиллахад том давуу тал болдгийг онцолж байв.

Энэ дэд бүтцээ ашиглан Монголын мөнгөн гуйвуулгын 500 сая ам.долларын эргэлттэй зах зээлээс 589 тэрбум ам.долларын эргэлттэй  дэлхийн жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлд хүрч ажиллахаар тэд хараа сунгаж байна. Товчхондоо, Sendly -д үйл ажиллагааны цар хүрээгээ үргэлжлүүлэн тэлэх хангалттай орон зай бий. Тиймээс дараагийн төлөвлөгөөндөө жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлд хамгийн том орон зай эзэлдэг орнуудын тоонд Америкийн араас Саудын Араб, Швейцарьтай зэрэгцэн багтдаг Арабын нэгдсэн Эмират улс (23 тэрбум ам.доллар) -ын зах зээлийг онилжээ. Энэ мэт өндөр хөгжилтэй улсад хөгжиж буй орнуудаас сая сая хүмүүс ирж ажиллан, орлогынхоо тодорхой хувийг ямар нэг мөнгөн гуйвуулгын үйлчилгээ ашиглан эх нутаг, ар гэр рүүгээ тогтмол шилжүүлдэг хувь хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн хэдэн арван жилийг авч үзвэл энэ тоо үргэлж өссөөр ирсэн нь манай улсыг ч тойроогүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд дэлхий даяар тархан амьдарч буй 200 мянга гаруй монголчууд нийт 2.3 тэрбум ам.долларыг Монгол Улс руу шилжүүлжээ.

АНУ -аас Монгол руу мөнгөн гуйвуулга  хийхэд тухайн үед шаардагддаг байсан 14 хоногийг Sendly апп 30 минут болгон товчилж чадсан бол өнөөдөр энэ хугацаа 10 минутад хүрээд байна.   

Гадаадад суугаа эдгээр иргэдийн жилийн дундаж шилжүүлэг 60 мянган ам.долларт эргэлддэг бөгөөд олон улсад мөнгөн гуйвуулгын энэ жижиг зах зээлд ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагууд, финтекүүд төвлөрөн ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Жижиг мөнгөн гуйвуулга манайхтай адил хөгжиж буй улс орнуудад гадаад валютын хэмжээгээ нэмэгдүүлэх гарц болдог бөгөөд эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь ч үүнийгээ дагаад харьцангуй өндөр. Тухайлбал, ийм замаар орж ирсэн гадаад валют Эл Салвадор (26.2%), Ямайка (23.6%), Гватемал (18%) зэрэг жижиг эдийн засагтай улсын ДНБ -ы 20 -иас дээш хувийг эзэлж буй талаар Дэлхийн банкнаас мэдээлсэн байдаг. Газарзүйн байршлын хувьд бидэнтэй харьцангуй ойролцоо Киргизстан, Тажикистанд ч энэ тоо өндөр хувь эзэлдэг. Эдгээр улсын зах зээлд нэвтрэх нь Sendly -ийн дараа дараагийн төлөвлөгөөнд багтжээ. 

Гэхдээ шинэ зах зээлд нэвтрэх нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш. Тэр дундаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бол олон улсын байгууллагуудаас эхлээд тухайн улсын зохицуулагч байгууллага хүртэлх шат шатны байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг аливаа санхүүгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шаарддаг өндөр стандарт, нарийн дүрэм журам, шалгуурт тэнцэж, тусгай зөвшөөрөл авах  шаардлагатай. Үүн дээр нэмээд жижиг зах зээлтэй гэх шалтгаанаар Монгол Улсыг эрсдэлтэй орнуудын тоонд багтааж, холболт хийхээс зайлсхийж, болгоомжилдог учраас зөвшөөрөл авах, шинэ зах зээлд нэвтрэх үйл явц дагаад гацаж удааширдаг.   

Сүүлийн 10 жилд мөнгөн гуйвуулгын зах зээлд Worldremit, Ria, Wise, Xoom зэрэг финтек компани давамгайлах болсноор зах зээлийн дүр зургийг өөрчилж эхэлсэн юм. Эдгээр хүчирхэг тоглогчийн адил жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлд Sendly үйл ажиллагаа явуулж буй.

Байгуулагдсан цагаасаа хойш яг ийм урт хугацааны адармаатай үйл явцыг даван туулсаар ирсэн Sendly -ийн хамт олон хэрэглэгчдийн цаг үргэлж өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагын дагуу хурдтай хувьсан ажиллахад банк, санхүүгийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин, өөрийн гэсэн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг бий болгож чадсан нь том давуу тал болдгийг онцолж байв.

Энэ оны гуравдугаар улиралд Sendly IPO хийхээ зарлаж, бэлтгэл ажилдаа орсон нь үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, цаашлаад гадаад зах зээлд тэлэх, технологийн чадавхиа нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилготой. Олон нийтэд нээлттэй компани болж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээр нийт банк бус санхүүгийн үйлчилгээний зах зээлийн 10 хувьд хүрэх нь тэдний ойрын төлөвлөгөөний нэг хэсэг. Харин урт хугацаандаа “Монголын финтек групп” -ээс хэд хэдэн IPO хийхээр төлөвлөжээ.  

Хөгжүүлсэн дэд бүтцээ ашиглан Монголын мөнгөн гуйвуулгын 500 сая ам.долларын эргэлттэй зах зээлээс 589 тэрбум ам.долларын эргэлттэй  дэлхийн жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлд хүрч ажиллахаар тэд хараа сунгаж байна.

Үүнээс гадна Sendly -ийн хамт олон “Монголын финтек групп” -ийн охин компаниудын төлөөлөл болох үнэт цаасны Stocklab, төлбөрийн цогц шийдлийг санал болгогч HiPay -тэй синержи үүсгэн ажиллаж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх ажилдаа ороод байгаа юм. Энэ хүрээнд HiPay апп -д төвлөрсөн цогц шийдлийн тусламжтайгаар цахим данс нээж, Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжийг тун саяхан монголчуудад олгосон шигээ гадаадын иргэдийн өмнө ч нээлттэй болгохоор төлөвлөөд байна. 

Мөн арилжаанд оролцохоос гадна хувьцаагаа барьцаалан зээл авах зэрэг нэмэлт үйлчилгээг ч цааш төрөлжүүлэн хүргэх юм. Энэ бүхэн тэдний гол зорилго болох Монголын хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх ажилд чиглэж буй. Sendly аппыг үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбосон эдгээр зохицуулалт, нэмэлт үйлчилгээнээс гадна  гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад хилийн чанадаас орон сууцны зээлд хамрагдах, сайн дурын нийгмийн даатгал төлөх, онлайн худалдаа хийх зэрэг олон боломжийг бүрдүүлснээр нь бусад мөнгөн гуйвуулгын аппаас онцолж болно. Эдгээр алхам Sendly -ийн өрсөлдөх чадварыг тодорхойлж, бусдаас хавьгүй өргөн хүрээг хамарч чадахыг, цаашлаад дэлхийн зах зээлд гарах алсын хараандаа хүрэхэд ойрхон байгааг илтгэнэ.    

Эх сурвалж: Business.MN сэтгүүлийн 2022 оны технологийн тусгай дугаар (№01) -т хэвлэгдсэн нийтлэл –